Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 16-Р ХУРАЛДААН 2019.04.12-НЫ ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 762
 Сумын ИТХ-ын ээлжит 16-р хуралдаан 2019.04.12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс ирсэн 18, ирц 85.7%-тай байв. Хуралдааны нээлттэй байдлыг хангах зорилгоор урилгаар 2-р багийн иргэн Ж.Галбадрах оролцлоо.
       Энэхүү хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 
    1. Сумын нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
    2. Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн /2010-2025/ стратеги төлөвлөгөөний биелэлтийн явц, үр дүн
    3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оноос хойш батлан гаргасан хөтөлбөр, журмуудын хэрэгжилт
    4. Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойг суманд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө батлан ажлын хэсэг байгуулах тухай 
    5. "Туулын хишиг" ОНӨААТҮГ-ын 2018 оны ажлын тайлан, цаашдын зорилтын талаарх мэдээлэл
    6. Сумын Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 
    7. Сум хөгжүүлэх сангийн 2019 оны төсөв батлах тухай 
    8. Сүрьеэ өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сумын дэд хөтөлбөр батлах тухай 
    9. Хадлангийн газрыг гэрээгээр эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх тухай 
   10. Зарим маргаантай байгаа тариалангийн газар олголттой холбоотой асуудалд тодруулга авах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцүүллээ. 
 
   -  Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу сумын нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаарх тайлан мэдээллйг хэлэлцэж, биелэлт 83.5%-тай байх тул "Хангалттай" хэмээн дүгнэлээ. 
   -  Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн /2010-2025/ стратеги төлөвлөгөөний биелэлтийн явц, үр дүнг 30 хувьтай байгааг дурьдаж, энэхүү төлөвлөгөөнд тодотгол оруулан сайжруулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлан ажиллахыг сумын Засаг даргад тогтоолоор үүрэг чиглэл өглөө. 
   -  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оноос хойш нийтдээ 17 хөтөлбөр, журмуудыг батлан гаргаж хэрэгжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 6 хөтөлбөр, журмын хэрэгжүүлэх хугацаа нь дууссан байгаа тул зарим шаардлагатай хөтөлбөр, журмыг шинэчлэн боловсруулан сунгуулах саналыг ирүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ. 
   -   Энэ жил Монгол Улсад Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой тохиож байгаа тул энэхүү ойг суманд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн төлөөлөгчдөөс оруулсан саналыг тусган батлаж, зохион байгуулах ажлын хэсгийг 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. 
    -  "Туулын хишиг" ОНӨААТҮГ-ын 2018 оны ажлын тайлан, цаашдын зорилтын талаарх мэдээллийг сонсож, үйл ажиллагааны тайланг "Хангалттай" хэмээн дүгнэж, цаашид анхаарвал зохих асуудлуудыг хэрэгжүүлж ажиллах хугацаатай үүрэг чиглэлийг тус үйлдвэрийн газрын даргад өгсөн. 
   -   Сумын Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай сумын Засаг даргаас оруулсан саналыг хэлэлцэж, сумын төвд баригдсан "Дашгэнпэнлин" хийдийн барилга байгууламжийн доорх газар, Бор толгой хороололд ОНХСангийн хөрөнгөөр баригдах Сүү хөргүүрийн барилга байгууламжийн доорх газар, Шар-Ус 1-р багийн Гурт хороололд Сүү боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн доорх газар зэрэг газруудыг нэмж баталлаа. 
  -   Сум хөгжүүлэх сангийн 2019 оны төсөв батлах тухай асуудлыг хэлэлцүүлэхэд мэдээлэл зөрөөтэй байх тул төлөөлөгчдөөс дараагийн 17-р  хуралдаанаар хэлэлцүүлэх зарчмын санал гарган хойшлуулах нь зүйтэй гэж үзэв. 
  -   Сэлэнгэ аймгийн ИТХТ-ээс батлан гаргаж хэрэгжүүлж буй "Сүрьеэгүй Сэлэнгэ" хөтөлбөрийн хүрээнд "Сүрьеэ өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай" сумын дэд хөтөлбөрийг сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Бямбасүрэнгээс санал оруулсныг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
  -    Төлөөлөгч Ц.Болдбаатараас Хадлангийн газрыг гэрээгээр эзэмшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулах саналыг хэлэлцүүлэхэд төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжиж, энэхүү ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсэг томилон ажиллаж, дараагийн хуралдаанаар шийдвэрийн төсөл боловсруулан ирүүлэхийг сумын Засаг даргад даалгалаа. 
 -    Төлөөлөгч Д.Батзаяагаас сүүлийн үед сошиал орчноор маргаантай байгаа тариалангийн зориулалтаар ашиглаж буй 800 га газрын олголттой холбоотой асуудлаар сумын Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авах асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулахаар санал гаргасныг төлөөлөгчдөөс дэмжин батлаж, энэ тухай асуудлыг сумын Засаг дарга П.Батбаатараас тодруулга авахад: - Энэ яригдаад байгаа 800га газар олголттой холбоотой асуудлыг хуулийн дагуу олгосон эсэхийг хянуулахаар аймгийн МХГ-т албан ёсоор хандсан. Миний зүгээс иргэн, ААН-ээс нөгөө ААН-д шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн болохоос газар эзэмшүүлэх тухай эрх олгосон анхны шийдвэрийг гаргаагүй. Буруутай шийдвэр нь хаанаа байна, энэ асуудлын үнэн зөвийг олж, нийгэмд зөв ойлголтыг өгөхөөр хандсан. Үүний дагуу МХГ-аас эрх шилжүүлэх захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн зохих заалтыг тусгаагүй, зарим иргэдийн өмчилсөн газрыг цуцалсан байна гэсэн хариуг ирүүлсэн. Мөн иргэн Ч.Эрдэнэбадралд хариу өгөхдөө эрх шилжүүлэх тухай захирамжуудыг цуцал гэж Засаг даргад үүрэг чиглэл өгсөн талаар дурьдсан байсан. Надад болон энэхүү иргэнд 2 өөр утгатай зөрөөтэй хариу ирүүлсэн байгаа тул Аймгийн МХГ-т дахин хандахаар төлөвлөж байна" гэв. 

 
                                          СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Сүүлд нэмэгдсэн мэдээ