Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 612

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай өндөрлөг уулс, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0.4-10,0 градус, Хэнтэйн өндөрлөг уулс, Алтайн Хангайн уулархаг нутаг, Хөн Хөхий, Булнай, Тарвагтайн нуруугаар 10,1-15,0 градус, Их Нууруудын хотгор, Нууруудын Хөндий, Монголын Дорнод тал болон говийн нутгаар 20,1-28,4 градус, бусад нутгаар 15,1-20,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал баруун аймгуудын ихэнх нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1,1-4,1 градусаар дулаан байлаа.

 

          Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 19-29 градус, тал хээр, говийн нутгаар 30-39 градус дулаан, шөнөдөө уулархаг нутгаар 0-4 градус хүйтэн, бусад нутгаар 1-14 градус дулаан байлаа.

          Хөрсний гадаргын температур өдөртөө  Увс нуур, Дархадын хотгороор 42-49 градус,  өмнөд говиор 60-69 градус бусад нутгаар 50-59 градус, шөнөдөө ихэнх нутагт 1-11 градус дулаан, уулархаг нутгаар 0-6 градус хүйтэн байлаа.

       Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0,0-10,0 мм, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Хөвсгөл, Архангай, Төв, Дорноговийн зарим нутгаар 10,1-20,0 мм, Хөвсгөлийн Тариалан, Булганы Бүрэгхангай, Дархан-Уулын Шарынгол, Сэлэнгийн Түшиг, Ерөө, Төвийн Эрдэнэ, Батсүмбэр, Мөнгөнморьт, Хэнтийн Галшар, Дадал, Баянмөнх, Дархан, Дорнодын Сэргэлэн, Хөлөнбуйр, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Онгон, Дарьганга, Дорноговийн Иххэт сумдын нутгаар 20,1-41,9 мм орсон. Харин говийн аймгуудын зарим нутгаар тунадас ороогүй. (2 дугаар зураг). Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 50 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 50 гаруй хувьд  олон жилийн дунджаас бага орсон.

           Бэлчээрийн ургамлын ургалт 6 дугаар сарын 20-ны байдлаар өмнөх арав хоногоос төдийлөн сайжраагүй бөгөөд 40 орчим хувьд буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сүхбаатарын зарим сумдын нутгаар сайн,  20 гаруй хувьд буюу Дундговийн нийт, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу ургалт удаашралтай (3 дугаар зураг) байна.

            Cалхины их хурд энэ арав хоногт тал хээр, говийн нутгаар 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд, Говь-Алтайн Хөхморьт, Баянхонгорын Богд, Булганы Бүрэгхангай, Гурванбулаг, Дундговийн Луус, Мандалговь, Дэлгэрхангай, Эрдэнэдалайд 28-32 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Цаг агаарын нөхцлийн онцлог

  • МАА-н үйлдвэрлэлд хөөвөр хялгас авах, ноос хяргах ажил хийгдэж байгаа бол газар тариалан бүхий зарим газраар усалгаа хийх, бордоо цацах, уринш боловсруулах зэрэг ажил хийгдсэн мэдээтэй  байна.
  • Тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудай  3 дахь навчлалтаас бутлалтын үе шатанд яваа бол төмс цухуйлтаас хажуугийн нахиа үүсэх үе шатандаа явж байна. Улаан буудайн өндөр 11-24 см байна.
  • 6 дугаар сарын 11-ний өдөр Ховдын Чандмань, Говь-Алтайн Есөнбулаг, Тонхил, Хөвсгөлийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумдад нойтон цас орсон.
  • 11-ний өдэр Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр сумдад 3,9-6,4 мм, 17-20-ны өдрүүдэд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Мөрөн, Архангайн Эрдэнэмандал, Сэлэнгийн Ерөө, Дархан-Уулын Орхон, Төвийн Мөнгөнморьт, Эрдэнэсант, Улаанбаатарын Тэрэлж, Хэнтийн Өмнөдэлгэр сумдад 8,6-23,9 мм голчтой мөндөр орсон байна.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ