Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

"ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭРҮҮЛ ОРШИХУЙ 2050" ИРЭЭДҮЙД ИЛГЭЭХ ЗАХИДЛЫН УРАЛДААНД 12А АНГИЙН СУРАГЧ О.НЯМОД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖЭЭ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 351

Сэлэнгэ аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан  "Эх дэлхийдээ эрүүл оршихуй 2050" Ирээдүйд илгээх захидлын уралдааны тэргүүн байранд  Рашаант ЕБС 12а ангийн сурагч  О. Ням-Од тэргүүн байр эзэлсэн байна. 

Түүний илгээсэн захидлыг та бүхэндээ хүргэж байна.

Тавин жилийн тэртээх дэлхий таньдаа бичиж сууна. Эртний найзтайгаа хааяахан дурсамжаа ярилцан суудаг шиг таньтайгаа ч бас анх танилцсан дурсамжаа ярилцъя. Магадгүй тэр цагт та үүнийг уншаад намайг эгдүүрхэн хөхөрч үүнтэй зэрэгцэн хэдэн ногоо нахиалах биз.
Хөлд орон тэнцээд үлгэрийн орноор аялах цагтаа би зааны нуруун дээр амьдардаг байлаа. Тэнд минь өндөр уулс, өргөн гол, сүрлэг мод догшин барнаас эхлээд хөөрхөн эрвээхий хүртэл байдаг. Хүмүүс амьтад хамтдаа эх дэлхийдээ бүхнээ хуваалцан амьдарч энд тэндгүй аз жаргал бялхаж аюул осолгүй үлгэрийн мэт ертөнцөд өсөж, бүгдийг хайрладаг хөгшин заан ээжийгээ ч бас үнэн гэж боддог байлаа. Зөөлөн нуруун дээр нь унахад өвтгөж уйлуулалгүй, хааяахан нуруугаа шилгээн надад салхи амсуулж, хошуугаараа ус шүршин бороо мэдрүүлдэг гэх бодол минь ном нээн, үсэг холбож сурахтай зэрэгцэн солигдсонсон.
Сурагч гэх алдрыг зүүж сургууль гэх хаалгаар орсон цагаас би цаасан дээр амьдрах болсон. Тод хөхөөс усан цэнхэр, гүн бороос цайвар шар өнгөтэй эрээн алаг болсон тахиралдсан зурагны дунд заан ээжийгээ байхгүйд ихэд гайхсан ч гарт минь баригдаж болох тэр шинэхэн дэлхий минь надад ихээхэн сонирхолтой байж билээ. Тэгшхэн учраас л хязгаарыг үзэлгүй аялж, газраас хөндийрөлгүй тогтдог бололтой гэж сэтгэсэн ч бороо минь хаанаас асгарч, гол минь хаанаас ундардаг билээ? Тэр ч бүү хэл гишгэх шороо минь хаана тогтож, хөөцөлдөх салхи минь хаанаас ирдэг юм? гэх олон асуулт дунд ороогдсоор 1+2=3 минь 1-2=-1 болчихсон математик үзэгдэлтэй зэрэгцээд би бүх хариултаа олчихсон юм.
Хамгийн сүүлд ухаарч олсон шинэхэн дэлхий минь энэ удаад заан эсвэл цаас биш бөмбөрцөг болоод хувирчихсан юм. Олон жилийн дараах гараг минь төсөөлөлтэй минь зөрчилдсөн ч олж учирсан гурван дэлхий минь нэг зүйлээрээ яг л адилхан байсан юм. Энэ бол аз жаргал. Өглөө мандах нарны туяа, өвсөнд торох бяцхан шүүдэр, хөвөн зөөлөн цас, хүйтэн хэрнээ намуухан бороо, сэвшээ зөөлөн салхи мөн дэлхий бид хоёрын жаргалтай инээд.
Хүүхэд насны минь дэлхий одоо бодоход инээдтэй ч танин мэдэж, шохоорхон судлах дуртай надад гайхалтай ололт байсан. Үлгэрээс эхэлж ухаан суухад тусалсан, муу бүхнийг нуун сайхан бүгдийг дэлгэсэн дэлхий ээж таньдаа баярлалаа. Маргааш, нөгөөдөр, арван жилийн дараа эсвэл тавин жилийн дараа ч дэлхий минь энх амгалан байгаарай. Таны нэгэн судас болсон бяцхан үр охиноос чинь.
Сэлэнгэ аймаг Орхонтуул сум
12а анги О.Ням-Од

Сүүлд нэмэгдсэн мэдээ