Цөөн үгээр

- ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!! - СУМЫН 18-25 НАСНЫ ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ЗАЛУУЧУУД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ЭХ ОРОНЧИД БААТАРЛАГ ҮЙЛСТНҮҮД

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 816

        Эцэг өвгөдийнхөө эх оронч, ажилч хичээнгүй, зан чанарыг өвлөн уламжилж төрөлх нутгийнхаа ариун алдар нэрийг эрхэмлэн алдаршуулсан түүхт хүмүүс Îрхонтуулаас олон төрсөн билээ. Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө харийн дайсантай тулалдаж явсан эрэлхэг зоригт баатарлаг үйлстэн олон хүнийг нэрлэж болно.

1918 онд автомат Монголын цэрэгт Хатанбаатар Магсаржавын цэрэгт алба хаасан Дэндэвийн Шарав, 1921 онд Ардын Хувьсгалт цэрэгт элсэж жанжин Сүхбаатарын морин хөтчөөр алба хаасан Аръяагийн Өлзийбадрах, 1939 оны Халхын голын байлдаанд оролцож гавъяа байгуулсан Ц.Очирбат, Д.Гонгор, Э.Лувсанцэрэн, Ч.Сэрдамба, Д.Ням, Д.Лувсандагва нар халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй баатарлаг тэмцэж явсан гавъяагаараа Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан байна. Ахмад дайчин Д.Ням 2009 онд Халхын голын дайны 70 жилийн ойгоор 2 дайнд оролцсон учир төр засгаасаа орон сууцаар шагнагдсан байна.

1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Ж.Бадрай “адуу” Даваа, Иш-Лхагва, Д.Нанзад, Ч.Буянтогтох, Д.Дамдиндорж, Ж.Лувсанцэрэн, Г.Шарбаньд, Н.Загд, С.Дамбадагва, Н.Ханд, Х.Малик, Д.Дамдинсүрэн, Л.Дэмбэрэл нар болон баруун хилийн зэвсэгт тулгаралтанд идэвхтэй оролцсон Н.Бямбасүрэн, С.Гончигбал нараар бахархана. Тус сумын ардууд зөвлөлтийн ард түмнээс фашист германы эсрэг явуулсан эх орны дайны жилүүдэд улаан армид туслах ажилд идэвхтэй оролцож шилдэг 100 гаруй хүлэг морь, 2000 төгрөг бусад эд материалаар сэтгэл харамгүй тусламж үзүүлж байжээ.

- Партизанд тооцогдох гавъяа байгуулсан нэгэн домогт анчин тус суманд амьдарч байсныг дурьдах ёстой. 1921 онд партизан цэрэгт бут цохигдсон гамингийн бүлэг зэвсэгт дээрэмчид замдаа тохиолдсоныг түйвээн Орхонтуулын нутаг Цагаан хадын даваагаар давж нийслэл хүрээ чиглэн зугтаж яваа мэдээ авсан анчин хар Дэндэвээр ахлуулсан нутгийн эх оронч, зоригт залуучууд замыг тосон хонон өнжин отжээ. Гамингийн дээрэмчид Цагаан хадын даваагаар давж ирэн давааны амны булгийн дэргэд зогсоцгоожээ. Хамгийн сүүлд ноён нь ирж мориноосоо буун, бие хамгаалагчаа дагуулан морь харахаар зогсох агшинд анчин Дэндэв цахиур буугаар нам бууджээ. Гамингууд эмх замбараагүй бужигнан орилолдож, ноёноо яаравчлан газар ухан булаад цааш зугатжээ. Ийнхүү Цагаан хадын давааны өвөрт гамин цэргийн ноёныг оршуулсан газарт тэмдэг тавигдсан /домогт яриа/ байна.

- Орхонтуул сумын Хавцгайтад Ширээгийн Мэргэн ламын хийдэд 60 гаруй лам хуврагтай томоохон хийд ажиллаж байжээ. Хийд болон Шавартын дуганд лам нар нь хуваагдан хурал хурдаг байжээ. Мэргэн ламын хийдэд ном, эрдэмтэй молиго Пүрэвжав, хазгар Цэрэн, тойн Рэнцэн, Цэрэнпунцаг, Очирзундуй нарын томоохон лам нар жилийн дөрвөн улирлын турш ном хурдаг байжээ. Орхонтуулд мэргэн ламын хийдээс гадна 11 жас ажиллаж байв. Тухайлбал: Өлзийтийн, Ивээлтийн, Халтарын, Цагаан эргийн, Цоохорын, Хоньчийн, Шийрийн, Дархийн, Юмын, Гэрт нугийн, Цагаан тохойн жас болой. Мэргэн ламын хийдийн гэсгүй Туваан хурал номын газруудад үйлчлэгч жасын ихэнх тариа тарьж, хийд болон хурал номын үр тариа, гурилын хэрэгцээг хангахын дээр бүх жас мал сүрэгтэй байжээ.

- 1937 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурга Мэргэн ламын хийд, Шавартын дуганыг устгаж, эрдэмтэй томоохон лам гавж Содном-Иш, Балдан, Пүрэвжав, Цэрэн, Рэнцэн, Цэрэнпунцаг, Очирзундуй нар баривчлагдан цаазлагдаж, лам В.Дашням, Ш.Пүрэв, Ж.Даваадорж, Г.Сундуй нар тус бүр 10 жил гянданд хоригдож бусад нь тарж хар болон мал аж ахуй эрхэлж амьдарчээ.

Орхонтуул сумын 85 жилийн ойд зориулсан "ОРШИХУЙН ДЭЭД ӨЛГИЙ ОРХОНТУУЛ НУТАГ МИНУ" номоос 


 

Сүүлд нэмэгдсэн мэдээ